Хамтын анхаарал гэдэг нь хоёр хүн бие биетэйгээ харилцах зорилгоор эд зүйл эсвэл тодорхой нэгэн үйл явдалд хамтдаа анхаарлаа төвлөрүүлэх зан үйл юм.“Энэ юу вэ, хөөх тэрийг хардаа” гэх үед тухайн заасан хүн эсвэл эд зүйл рүү анхаарлаа зориудаар шилжүүлэх чадвар Аутизмын Хүрээний Эмгэгтэй хүүхдүүдэд зохих насны хэмжээнд хөгжөөгүй байдаг.
Хамтын анхаарал бидний өдөр тутамд: Бид ямар нэгэн зүйлийг мэдрэх үедээ бусадтай хамт хуваалцахад илүү сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Гоё дуу сонсох, дуу алдам сайхан зүйл хармагцаа хажууд байгаа хэн нэгэн рүүгээ хараад бие бие рүүгээ инээмсэглэх гэх мэт. Энэ бол бидний өдөр тутамд тохиолддог үгэн бус харилцааны хэлбэр билээ.
Хамтын анхаарал яагаад чухал вэ?
- Бусдын заасан зүйл рүү анхаарлаа шилжүүлэх,
- Хүний анхаарлыг өөр зүйл рүү татах чадвар нь хүүхдийн бусадтай харилцах чадвар, хамтран тоглох болон даган дуурайх чадваруудад чухал нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл хамтын анхаарал нь эд зүйл болон нөхцөл байдлыг бусадтай хуваалцах замаар нийгэмших үзэгдэл юм.
Хамтын анхаарлыг хэрхэн заах вэ?
Хамтын анхаарлын хичээлийг хүүхдэд заахдаа хүүхдийн сонирхож буй тоглоом эсвэл эд зүйлийг ашиглах боломжтой. Жишээ нь: сонирхож буй зүйлийг нь гарт нь өгөх гэж байгаа юм шиг тавиад зөвхөн хүүхдийг нүд рүү харсан тохиолдолд өгөх. Мөн сонирхсон зүйлийг нь өрөөний хаа нэгтээ тавиад заах гэх мэт. Хүүхэд таны нүд рүү харсан болон таны заасан зүйл рүү анхаарлаа шилжүүлсэн үед тэр даруй хүүхдээ чангаар магтаж дуртай зүйлээр нь урамшуулаарай.
Урамшууллыг сонгохдоо: Урамшуулал нь хүүхдийн хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх ба хүүхдийн дуртай амттан, тоглоом зэргээс авхуулаад хамт тоглох, тэврэх, үнсэх, гижигдэх гэх мэт ямар ч хэлбэрээр байж болно. Гагцхүү хүүхэд урамшууллаа өөрөө сонгох ёстойг анхаараарай.
Тусламжийн хэлбэр: Хэрвээ хүүхэд таны заасан зүйл рүү харахгүй тохиолдолд хүүхдийн харцыг тухайн зүйл байгаа газар луу чиглүүлэх, тэрийг хардаа машин байна гэж хэлэх гэх мэтчилэн тусламж үзүүлж болно.
Өдөр тутамдаа: Та хүүхэдтэйгээ сайн ярилцагч байгаарай. Хүүхэдтэйгээ эргэн тойрондоо байгаа зүйлсийн талаар зааж тайлбарлаж өгч байгаарай. Жишээ нь: онгоц нисэж байвал тэнгэр лүү заагаад “хөөх тэрийг хардаа, онгоц нисэж байна” болон ном үзэж байхдаа хүүхдийнхээ хурууг өөр өөр эд зүйлс рүү заалган тайлбарлаж өгөөрэй.
Нийтлэл бичсэн: Зан үйл заслын техникч Б.Ариунзул